Солонгосын уламжлалт хүнс кимчиг коронавирусийн халдварын үед хэрэглэснээр COVID-19-ийн ноцтой хүндрэлийн эрсдэлийг бууруулдаг гэж Өмнөд Солонгосын Ухва их сургуулийн профессор Ким Тэ Гюн мэдэгдэв.
Берлиний “Шарите” их сургуулийн профессор Жан Бускегээр тэргүүлсэн эрдэмтэд судалгаа явуулжээ. Тэд ийнхүү судалгаа хийсэн шалтгаан нь Зүүн хойд Ази, тэр дундаа Солонгост коронавирусийн нас баралт яагаад бага байгааг олж тогтоох явдал байв.
Судалгааны явцад Бускегийн багийнхан тус улсын иргэд хангалттай их хэмжээний халуун ногоо, даршилсан ногоо хэрэглэдэг нь бие махбодод нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргаж, энэ асуудлаар илүү нарийн шинжилгээ хийсэн байна.
Солонгос кимчи нь хоол боловсруулалтад тустай лактобактери, түүнчлэн дархлааг бэхжүүлж, коронавирус цааш дэлгэрэхэд саад болох антиоксидант болон бусад бодис агуулагддаг нь тогтоогджээ. Эдгээр нь нэгдсэнээр COVID-19-ийг хөнгөвчилж, хажуугаар нь ханиалга, амьсгалахад хүнд болох зэрэг өвчний шинж тэмдгийг бууруулдаг аж.
Өнгөрсөн оны зун Францын Монпелье их сургуулийн эрдэмтэд даршилсан байцай, кимчи, исгэлэн сүүн бүтээгдэхүүн коронавирусээс хамгаалдаг байж болзошгүйг тогтоосон билээ. Ийм ферментжүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг улс орны хүн амын дунд нас баралт бага байгаа нь тогтоогджээ.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.Март