Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байсан юм.
Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм.
Сонгогчдын олонхын санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч хорих ял сонсоод байсан тэрбээр ийнхүү бүрэн эрхээ баталгаажууллаа.
Чуулганы дэгийн тухай хуульд тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж, үг хэлэхгүй гэж заажээ.