Ардчилсан нам даргын сунгаа эхэлж, дөрвөн нэр дэвшигч албан ёсоор үнэмлэхээ гардан аваад байгаа билээ.
Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд 12 хоног үргэлжлэх юм.
АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөр болон зорилго, зорилтоо танилцуулсан юм.
-УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл: Миний хувьд Ардчилсан намын даргын сунгаанд цүнх шинэчилнэ гэсэн уриатай орж байгаа. Шинэчлэл гэдэг нь зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын шинэчлэлийн асуудал юм. Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийх ёстой. Ардчилсан нам гадагшаа тэмцдэггүй, гадагшаа улс төр хийдэггүй, гадагшаа бодлого чиглэл барьдаггүй.
Ардчилсан нам илүү хөнгөн болж өөрчлөгдөх ёстой. Тодруулбал үзэл баримтлалтай, илүү хурдтай, үйл ажиллагаа нь бүгдэд хүртээмжтэй нам болж өөрчлөгдөх ёстой.
-Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд: Монголын ард түмэнд сөрөг хүчин маш их хэрэгтэй байна. Иймд миний сонгуулийн мөрийн хөтөлбөр “2024 онд Ардчилсан намыг ялуулна” гэсэн уриатай.
-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Миний бие Ардчилсан намын даргын сунгаанд ардчиллын таван ялалт хэмээх зорилтыг дэвшүүлж байна. Бидний судалгаагаар ардчилсан намын эв нэгдэл хамгийн их сөрөг асуудлыг дагуулж байна. Сунгаанд оролцож буй бид өрсөлдөгч нар биш. Харин бидний өрсөлдөөн бол эв нэгдэл хагарал бутрал юм. Үүнийг ялах ёстой. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн үзэл санаа хэмээх зүйл орхигдсон байна. Иймээс үзэл санааны хувьсгалыг хийх ёстой. Үзэл санааны ялалт гэдэг улс төрийн хүчний гол зорилгод Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль бий.Үүнд ялалт байгуулах ёстой. Эцэст нь Ардчилсан нам ардчиллын таван зорилт, ялалт нь биелэх бол Монгол Улс, үндэстнээрээ ялна хэмээн итгэж байна. Хамтдаа Монголын хөгжил дэвшлийн төлөө тэмцэцгээе хэмээн нийт нэр дэвшигчдэдээ уриалж байна.
-Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: Миний хувьд зогсолтгүй урагшилж тогтвортой хөгжье гэсэн уриатай оролцож байна. Мөрийн хөтөлбөрийн нэр “Тогтвортой хөгжил” юм. Үүнд богино, дунд, урт хугацааны хэмээн ажлуудаа эрэмбэлсэн.
Богино хугацаанд: Одоогийн үүсээд байгаа талцлыг нэн яаралтай шийдвэрлэхэд орших болно. Ялангуяа намын дарга төвтэй намаас намын гишүүд төвтэй нам руу шилжих ёстой. Богино хугацаанд хийх ажлууд олон байна.
Дунд хугацаанд: 2024 оны мөрийн хөтөлбөрийг сайн боловсруулах ёстой гэж харж байна. Ардчилсан нам 76 боловсон хүчнээ зөвөөр иргэдийн дунд нэр хүндтэй улстөрчдийг гаргах ёстой. Түүнчлэн нийтийн нам болох ёстой.
Урт хугацаанд: Африк, Өмнөд Америкийн зарим орон хүсээд ч олж чаддаггүй ардчиллыг бид өнөөдөр тордож авах ёстой.
Л.Баяр