Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 77 147 иргэнээс хүсэлт гаргасан 55 676 зээлдэгчийн 2,9 их наяд төгрөгийн үлдэгдэл буюу ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулжээ.
Эргэн төлөлт хойшлуулсан долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ипотекийн зээлтэй иргэн долдугаар сарын нэгэн хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөж буйг төв банкнаас мэдээллээ.
Энэ нь цар тахлын хүндрэлтэй үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилготой юм. Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утсаар энэ оны нэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авсан байна.
Б.Эрдэнэ