Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсад биеийн тамир спорт ба олимпийн хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх, өвөл, зуны олимп, тивийн наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах зорилготой юм.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар болон Монголын үндэсний олимпийн хороог төлөөлж ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.
Талууд хамтын ажиллагаандаа Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, НҮБ-ын бие бялдрын боловсролын Харти, Олимпийн Харти болон холбогдох бусад хууль тогтоомж, баримт бичгийг дээдэлж байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан, харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэн, харилцан нээлттэй ил тод, үр бүтээлтэй хамтран ажиллахыг удирдлага болгож байна.
Өнөөдрийн байдлаар Япон улсын Токио хотноо болох зуны олимпийн наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 17 тамирчин оролцох эрхийн болзол хангаад байгаа аж.
Б.Эрдэнэ