Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй өчигдөр цахимаар уулзав.
Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. ҮСХ-ноос төрийн өгөгдлийн менежмент, статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ.
Түүнчлэн, ҮСХ-нь дарга Б.Батдаваа 2021-2025 онд статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, Монгол Улсын статистикийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Андрей Михневтэй Дэлхийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чиглэлд хамтран ажиллаж ирснийг дурдаад, ядуурлын тооцоо, цахим шилжилт болон ҮСХ-ноос тавьсан саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ҮСХ нь Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн хүрээнд 2015-2021 онд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн “Нүүдэлчин өрхийн судалгаа”, ядуурлын болон коронавирусний өрхөд үзүүлж буй нөлөөг хянах зорилгоор “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г гурван үе шаттай зохион байгуулж, амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.
Үндэсний статистикийн хороо