Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгээд байна.
Гуравдугаар сарын 9-нд 41 цэг ажиллаж 9470 хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30446 хүнийг вакцинжуулаад байсан. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 16786, онцгой байдлын 1254, цагдаа 3027, мэргэжлийн хяналтын 248, хорооны хэсгийн ажилтан 1417, 59-64 насны 118, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 7360, худалдаа, банк, боловсролын 235, 18-25 нас нэг хүн тус тус хамрагдсан.
Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, спорт зааланд нийт 14 цэг нэмэлтээр байгуулж бэлэн байдлыг хангаснаар дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 17819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлсэн байна.
Л.Баяр