ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нийслэлийн хэмжээнд үргэлжилж буй вакцинжуулах ажлын үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн 9 дүүрэгт 35 цэгт, 48 дархлаажуулалтын баг гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30446 хүнийг “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамруулаад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9470 хүнийг вакцинд хамрууллаа.
Вакцинд хамрагдсан нийт 30446 хүний 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд байна. Харин 16.6 хувь нь хариу арга хэмжээний багт оролцож байгаа онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагч, мэргэжилтнүүд байгаа аж. Үлдсэн хэсэг нь үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай ААН-үүдийн ажилтан, алба хаагчид байна.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажил зохион байгуулах явцад одоогоор вакцинтай холбоотой ямар нэгэн ноцтой гаж урвал илрээгүй. Харин вакцин тариулсны дараа илрэх ердийн хариу урвалын хувьд нийт вакцинд хамрагдсан иргэдийн 48.8 хувьд нь хэсэг газар хөндүүрлэх, томуугийн үеийн шинж тэмдгүүд илэрсэн байна.
Л.Баяр