Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.
Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин 2 иргэний PCR шинжилгээний хариу “Эерэг” гарчээ. Ингэснээр Завхан аймагт 4 иргэн коронавирусийн халдвар аваад байна. Шинээр халдвар авсан 2 иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ.
Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна.
Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.
Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар