Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд “… Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ” гэж заасан байдаг байна.
Мөн Зөвлөлийн ажлын зохион байгуулалт, аппаратыг доорх байдлаар хуульчилсан байна.
1. Зөвлөл бүрэн эрхийнхээ асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаанд Зөвлөлийн зөвлөх, илтгэгч, шинжээч нар зөвлөх эрхтэй оролцоно.
2. Зөвлөлийн хуралдааны болон ажлын дэгийг Зөвлөлийн шийдвэрээр тогтооно.
3. Зөвлөл нь ажлын албатай байна.
4. Зөвлөлийн ажлын албаны болон үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
5. Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
Харин А.Гансүх нь ОХУ-ын хил давсан, 20 сая долларын асуудал нь түүний ажлын чиг үүрэгт хамааралгүй, үүндээ ч хангалттай тайлбар хийж чадаагүй нь түүнийг албан үүргээс нь түдгэлзүүлэх шийдвэрт хүргүүлсэн бололтой.
Н.Батаа