“Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс халдвар илэрч, 900 гаруй хүн хавьтагч болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УДЭТ-аас үзэгчдэд ил захидал илгээлээ.
Тус ил захидалд:
“Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон байшин. Тайзнаа үзэгчид жүжигчдийн амьд харилцаа байсан цагт театр амьд байдаг. Нэг ёсондоо театрын эзэн нь үзэгч Та юм шүү дээ. Нийтийн сүлжээгээр театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд бид сэтгэл эмзэглэж сууна.
Гайт Covid-19-ийг биедээ халдааж театртаа, бусдад тараахыг хэн хүсэх билээ. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Уран бүтээлчид эмзэг, элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Бид үзэгчид та нартайгаа уулзах гэж хичнээн их хүсч тэмүүлсэн билээ. Та нарынхаа алга ташилт, хүндлэлээс бид амьдрах, бүтээх урам зориг авч байдаг юм.
УОК, Соёлын яамнаас гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн, НМХГ-аас өгсөн шаардлагад нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг хүн бүр чадлынхаа хэрээр чандлан сахиж, театрынхаа булан тохой бүрийг ариутгаж, халдвараас урьдчилан сэргийлэх хаалгыг үзвэрийн болон ажиллагсдын хэсэгт суурилуулж, үзэгчдийнхээ аюул эрсдэлгүй, тав тухтай нөхцлийг хангахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Манай театр гуравдугаар сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлж “Анна Каренина” жүжгийн сургуулилалтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэй тус жүжгийн тоглолтоор гуравдугаар сарын 4-нд 196 хүн, 5-нд 236 хүн, 6-нд 247 хүн, нийт 679 хүнд үйлчилсэн юм.
Үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 4, 5-нд жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-нд 09.00-17.00 цагт, гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн хүмүүс энэ сарын 10-нд 09.00-17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж байна. Нэг ч хүнээс халдвар битгий илрээсэй гэж залбирч байна. Бид вирус халдварыг биенээсээ, театраасаа шүүрдэн зайлуулж, хогийн тантанд үүрд булшлан эрхэм үзэгчидтэйгээ халуун дотно сэтгэлээр уулзах тэр цаг ойрхон гэдэгт итгэж байна.
Мөн гуравдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын кассаас худалдан авсан бол 99250387 дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол 90101800, 1900-1800 дугаарт холбогдож ямар нэгэн шимтгэлгүйгээр 100 хувь буцаан авах боломжтой” гэжээ.
Эх сурвалж : УДЭТ