КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа.
“Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээгээр 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ
Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм.
Мэдээллийн эхэнд Шадар сайд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцууллаа. Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. 12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ.
Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан байна. Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын талаарх тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, 4 түвшин буюу НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН түвшнийг баталжээ. Мөн түвшин тус бүрд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулагдахыг тусгасан байна. Ингэснээр өмнө нь нийслэл, дүүрэг, аймгийн Онцгой комиссын дарга нарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаадаг байсныг өөрчилж, гамшгийн түвшинг УОК-ын тогтоосноор энэ дагуу ямар зохицуулалт хэрэгжихийг иргэд шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм байна.
Иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажилласнаар халдвар тархах эрсдэл буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж, цаашдаа улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр тэмдэглэв.
Шадар сайд үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах журмын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 32 тусгаарлах байранд 2,302 иргэн байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл