Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж байгаа ажээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Хүнсний талон дээр бодлогоо эргэж харах ёстой байна. Хүнсний талон олгох нь буруу биш. Үнэхээр амьдрал нь хүнд, төр засгийн хайр халамж шаардлагатай хүнтэй хүрэх ёстой. Хүнсний талон гэдэг хөтөлбөрийг үгүйсгэхгүй, гол нь хэтэрхий хавтгайруулсан байх вий. Тиймээс өрхийн орлогыг орлуулсан тооцох судалгаанаас гадна ямар хяналт шалгалтын механизмуудыг ашиглаж болох вэ. Жишээлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг уялдуулж чадвал УИХ-ын даргын танилцуулсан 30 хувь нь тээврийн хэрэгсэлтэй байна гэдэг ч юм уу асуудалд хяналт, судалгаа хийх боломжтой. Мөн малчин өрхүүдийг малын тооноос нь хамааран хүнсний талон олгох эсэхээ шийднэ. Жил бүхэн мал тооллого хийж байна. Тиймээс 50-иас доош малтай бол хамрагдаж болно. Энэ агуулгаараа хүнсний талон олгох журмыг шинэчлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна. мэдээж маш олон хүний амьдралтай холбоотой учраас яамны зүгээс маш хариуцлагатай, няхуур хандаж байгаа” гэлээ.
Манай улсад хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн байдаг. Гэхдээ хүнсний талон авдаг айл, өрхийн 30 хувь нь хувийн унаатай байна гэсэн судалгаа гарсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлж байв.
Л.Баяр