Гадаад харилцааны яамнаас гадаадад гацсан иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг болон вакцтны татан авалт, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 9311 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бид эдгээр иргэдээ татан авахын тулд сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, эх орондоо ирээд тусгаарлах хоногийн хугацааг багасгах, онгоцны билетийн үнийг бууруулах асуудлыг УОК-т тавьж ажиллалаа. Эхнээсээ тодорхой шийдлүүд гарч байна. Сард хийх тусгай нислэгийн тоог 13-14 болгон нэмэгдүүлж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломжтой болсон. Иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох, тусгаарлах байранд 10 хоног, гэртээ дөрөв хоног тусгаарлах боломжтой болсон.
Засгийн газар эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд татан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийг хүлээн авахаар төлөвлөж байна гэлээ.
Л.Баяр