Монгол Улсад коронавирусийн вакцинжуулалт өнөөдөр албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгээс ирсэн “АстраЗенека” вакцины анхны тунг тариулж ийнхүү вакцинжуулалтыг эхлүүлж, ард түмнээ уриаллаа. Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас вакцинжуулалтад хамрагдах юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Монгол Улсад 10 сарын турш коронавирусийн зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны арваннэгдүгээр сараас дотоодод халдвар гарч эхэлсэн билээ.
Эрүүл мэндийн салбар халдварыг хүн амын дунд тархаахгүй байхын төлөө бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж байна.
Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдварын гинжин хэлхээг таслах хамгийн хямд, төсөр арга юм.
Бидний коронавируст халдвартай тэмцэх зорилго, үйл ажиллагааг дэмжиж БНЭУ-ын Засгийн газраас 150,000 тун вакциныг манай улсад хандивласан.
Буцалтгүй тусламжаар энэхүү вакциныг манай улсад өгсөн явдалд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын хувиар БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан гүн талархлаа илэрхийлж байна.
Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан” хэмээн хэлэв.
Л.Баяр