АНУ-аас авсан хориг арга хэмжээнээс болоод Huawei-гийн гар утасны борлуулалт 2020 оны сүүлийн улиралд 42%-иар унажээ. Түүнчлэн тус компани үндэсний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлолоос болоод 5G технологийг Их Британи зэрэг хэд хэдэн улсад хэрэгжүүлж чадахааргүй болсон аж.
Ингээд харилцаа холбоотой тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компани 4G моделийн үйлдвэрлэлээрээ хязгаарлагдаж, АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 5G моделийн эд анги нийлүүлэх боломжгүй байдалд ороод байгаа юм.
“Асуудлын гол нь манай барааны чанар, бидний ажлын туршлагатай огт холбоогүй. Энэ бол шударга бус тоглоом. Учир нь Huawei геополитикийн дарамтад орлоо” хэмээн компанийн төлөөлөгч ярьжээ.
Тиймээс Huawei компани орлогын өөр эх үүсвэр хайхаас өөр аргагүй болж, үүлэн сервис, оюуны тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт тоног төхөөрөмж рүү шилжжээ. Компани түүнчлэн үхэр, гахай өсгөх зэрэг уламжлалт салбарт ч хүч үзэхээр зорьж байна. Хятад бол гахайн аж ахуйгаараа дэлхийд тэргүүлэгч юм.
Компани технологийн давуу талаа ашиглан гахайн фермд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх замаар амьтны өвчлөл, үржлийг хянах юм. Түүнчлэн царай таних технологиороо гахай бүрийг таньж, жин, хоол хүнс, биеийн хөдөлгөөн зэргийг нь ажиглах боломжтой болно.
“Гахайн аж ахуй бол бидний уламжлалт салбарыг мэдээлэл харилцааны технологиор хөгжүүлж, 5G-ийн эрин үед салбарын үнэт зүйлсийг бүтээх бас нэг жишээ” хэмээн Huawei-гийн төлөөлөгч ярьжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Huawei компани Америкийн хоригоос болоод Honor брэндээ зарж байгаагаа зарласан юм. Honor-ын хувьцааг Shenzhen Zhixin New Information Technology Co., Ltd худалдан авчээ.