Машиныхаа янданг бүү зараарай
Сүүлийн үеийн автомашинууд тэр дундаа ПРИУС-ын янданд цагаан алттай маш нарийн технологи бүхий яндангийн нүүрсэн шүүлтүүр байдаг бөгөөд энэ нь төрөл бүрийн хорт хий, тэр дундаа хүхрийн хийг шүүх үүрэг фүнкцтэй. Ямар зорилгоор машины янданг Хятадууд сонирхон, ченжүүдээс аваад байгааг тайлбарлая.
Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх маш өндөр торгуультай хууль гаргажээ. Хятад яндан угаасаа утаа сайн шүүдэггүй шүү дээ. Харин япон автомашины яндангийн шүүлтүүрт бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Тиймээс Хятадад яндангийн оригинал шүүлтүүр их эрэлттэй болсон. Нэг яндан дангаараа бараг таван сая төгрөгийн ханштай ч Японоос дангаар нь авахад хэцүү. Ингээд Монголоос авч, ориг янданг Хятад яндангаар солиод зөрүүнд нь 100 000 төгрөг өгөөд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн машинаа өөрсдөө тонож байна гэсэн үг.
ХЯТАДЫН АГААРЫГ “ЦЭВЭРЛЭГЧИД” нь НҮҮРСЭН ЯНДАН НАЙМААЛАГЧИД гэдгийг бүү март.
Нүүрсэн яндангийн хулгай ганцхан Монголд ч байдаггүй аж. Дэлхийн олон улс оронд автомашины нүүрсэн яндангийн хулгай бүртгэгддэг бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, Их Британид 2019 онд л гэхэд катализаторын хулгайн 2,894 гомдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй хоёр дахин өсчээ. Энэ бүх хулгай Хятадад импортлогддог гээд бод доо.
Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай.
Нөгөө талдаа үйлдвэрээс гарсан машинд илүү зүйл нэг ч байхгүй. Бүгд инженерийн ухаанаар бүтсэн нарийн уялдаа холбоотой зүйл байдгийг ойлгох хэрэгтэй. Яндангийн бүтцийг өөрчилснөөр карбираторын хөдөлгүүр болоод шатахуун зарцуулалтанд сөргөөр нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.
UB авто центрийн инженер Я.НЯМЖАВ: КАТАЛИЗАТОРГҮЙ БАЙХАД МАШИНЫ ХӨДӨЛГҮҮР АМАРХАН МУУДДАГ
Катализатор нь хөдөлгүүрээс шатаад гарсан хортой хий утааг хамгийн сайнаар шүүгээд дуу намсгагч яндангаар гадагшлуулж өгөх ёстой. Гэтэл манайхан катализатороо хөндийлөөд хаячдаг. Ингэснээр хөдөлгүүрээс гарч байгаа хортой утаа чинь шууд гадагшлаад бидний амьсгалын эрхтэнд хүрдэг. Ер нь манайхан бөглөрлөө гээд хөндийлөөд хаячдаг. Эсвэл гадуур хулгайд алдаад катализаторгүй яваад байдаг. Энэ нь машины бензин зарцуулалт ихсэх, хөдөлгүүр амархан муудах зэрэг үр дагавартай. Катализаторгүй машин яаж илэрдэг вэ гэхээр нэгдүгээрт чекний гэрэл хянах самбар дээр асна, хоёрдугаарт катализаторыг нь авсны дараа хөдөлгүүрийн дуу өөрчлөгдөх, бензин зарцуулалт ихсэх зэрэг талуудаар илэрдэг. Шинэ хуучин катализаторын хувьд чанараараа ялгагдана. Компьютер оношлогоогоор катализаторыг бүрэн шүүж байна уу, эсвэл шүүхгүй байна уу гэдгийг яндан мэдрэгчээр мэдэж болдог. Бензин нь 100 хувь байж чаддаггүйгээс болоод хөдөлгүүрт дутуу шаталт үүссэнээр гарсан нүүрс нь катализатороо бөглөөд бохирдуулаад байдаг. Тиймээс Монголын нөхцөлд ямар бензин хийж буйгаасаа шалтгаалан жилдээ нэг солиулах юм уу цэвэрлүүлэх шаардлагатай. А-95, А-98 зэрэг бүрэн шаталт өндөртэй бензин хийвэл бөглөрөл, бохирдол нь харьцангуй бага байдаг.
Бид гэр хорооллын янданг цөөлнө гэж ярихаас автомашинаас гарах утааг бууруулна гэж ярьдаг нь тун ховор. Бидний мэдэхгүй, мэдсэн ч мөнгө улаан нүд цагаан хэмээн зараад өнгөрдөг нүүрсэн яндан үнэн хэрэгтээ бидний амьсгалах агаарыг бохирдуулагч хорт бодисыг түгээгч нь болж буйг тэр бүр хүмүүс мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд нүүрсэн яндангийн хор уршиг ч үүнд хамааралтай болж хувирав.
Иргэн та өөрийнхөө машиныг бас агаар орчноо хайрлан машиныхаа янданг бүү зараарай. Мэргэжлийн хяналт, хил гаалийнхан нүүрсэн яндан гаргахгүй байх тал дээр яаралтай журам гарган, агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллах нэн шаардлага тулгараад байна.
Сэтгүүлч Б.Наранцэцэг