Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ сарын 23-наас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах юм.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: “Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зэрэг явуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулж байна. Мөн вакцинжуулалтын ажлыг энэ сарын 23-наас эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Энэ сарын 23-наас иргэн, аж ахуйн нэгжүүдийн баримтлах дүрэм, журмын талаар танилцуулахад дүрэм, журмын хүрээнд ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаа тул нийт аж ахуйн нэгжийн 95 хувь ажиллана.
Энэ хүрээнд шат шатанд ямар ажил хэрэгжүүлэхийг зохицуулсан түр журмыг боловсрууллаа. Дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөлөгч оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд халдварын нөхцөл байдлыг ангилж, аль зэрэглэлд аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, улаан буюу дөрөвдүгээр түвшин. Энэ бол өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин бөгөөд халдвар хүн амын дунд тархсан, голомт ихэссэн үед авч хэрэгжүүлнэ.
Гуравдугаар зэрэглэл нь улбар шар буюу халдвар голомтот тархалттай түвшин. Хоёрдугаар түвшин нь шар түвшин. Шар түвшин нь зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай байна. Бид энэ сарын 23-наас шар түвшинд орох бөгөөд хэсэгчилсэн хязгаарлалтыг голомттой бүсэд авч хэрэгжүүлэхээс бусад газарт ажил амьдрал хэвийн явах юм.
Түр журмын танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх бөгөөд, УОК-оос эрсдлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд ажиллахаа цаг тухайд нь зарлана. Иргэн, аж ахуйн нэгж бүрт хариуцлагатай байж, дэглэмээ сахих нь хамгийн чухал” гэв.
Б.Эрдэнэ