Доналд Трамп Цагаан ордныг орхисноосоо хойш анх удаа хэвлэлийнхэнтэй уулзлаа. Тэрбээр Вашингтоныг нэгдүгээр сарын 20-нд орхиж, Facebook, Twitter хаалгаснаас хойш хэсэг хугацаанд тайван байж, завсарлага авах шаардлагатай болсон гэжээ.
“Бид Twitter-тээ эргэн очихыг хүсэхгүй байна. Одоо тэнд хэдэн сая хэрэглэгч нь гараад явчихсан, уйтгартай байгаа гэж би ойлгож байгаа” хэмээн Трамп Newsmax хэвлэлд ярьжээ.
Түүнчлэн тэрбээр олон нийтийн сүлжээндээ эргэн орох хэд хэдэн хувилбарыг судалж, нэлээд хэдэн хүнтэй яриа хэлэлцээр явуулж байгаа гэнэ. Мөн өөрийн дэмжигчидтэйгээ харьцах өөрийн гэсэн платформ үүсгэж ч магадгүй гэсэн байна.
Бүгд найрамдах намын сонгогчдын дунд дэмжлэг урьдын адил олон хэвээр байгаа гэв. Тэр ч бүү хэл түүнд хоёр дахь импичментийн асуудал яригдсанаас хойш дэмжигчдийнх нь тоо улам нэмэгдсэн гэж хошигножээ. Тиймээс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо үгүйсгээгүй байна.
“Одоохондоо би юу ч ярихгүй. Гэхдээ бидэнд асар их дэмжлэг бий. Одоогоор хэлэхэд эрт байна. Гэхдээ би олон гайхалтай санал асуулгуудыг харж байгаа” гэжээ.
Түүнчлэн Трампаас Ерөнхийлөгч байсан үеэ санаж байна уу гэж асуухад “Санаж байна. Бүх зүйл гайхалтай байсан” гэжээ.