ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Андрей Мягков 82 насандаа таалал төгслөө. Мягков нь кино урлагт бүтээсэн дүрүүдээрээ Орост төдийгүй Монголд ч алдаршсан нэгэн юм. Түүнийг бид “Хувь заяаны тохуурхал” киноны Женя Лукашин, “Ийм нэгэн явдал”-ын Анатолий Новосельцев зэрэг дүрүүдээр нь сайн мэднэ.
Одоогоор түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна. “Хувь заяаны тохуурхал” кинонд хамт тоглосон жүжигчин Барбара Брыльска “Надад юм ярих тэнхэл алга. Би уйлж байна. Тэр маш сайн жүжигчин, сайхан хүн байсан юм. Би түүнд маш их хайртай байлаа” гэжээ.
Мягков 1938 оны 07 сарын 08-нд Ленинград хотод төржээ. Анх Элем Климовын “Шүдний эмчид очсон” нь гэдэг инээдмийн кинонд тоглож байв. 1968 онд Достоевскийн “Карамзовын хөвгүүд” кино дэлгэцнээ гарахад тэрээр Алеша Карамзовын дүр бүтээжээ.
1976 онд ЗСБНХУ-ын Улсын теле радиогийн захиалгаар Булгаковын зохиолоор “Турбины өдрүүд” телевизийн гурван ангит кинод Алексей Турбины дүрийг бүтээсэн байна.
“Хувь заяаны тохуурхал ба ууранд суусан паян” киног ЦТ телевизээр 1976 оны 01 сарын 01-нд анх үзүүлж байлаа. Хоёр ангитай энэ кино нь өдгөө шинэ жилийн баярын үзүүлбэрийн уламжлал болон тогтжээ. Үүний дараа жил “Ийм нэгэн явдал” кино гарч, 1978 оныг шуугиулсан кино болсон юм.
Энэ кинод түүнтэй хамт гол дүр бүтээсэн жүжигчин Алиса Фрейндлих “Тэр сэтгэл зүйн ажиглалт, драмын нөхцөл байдал, инээдмийн нөхцөл гээд бүгдийг гартаа оруулан захирсан жинхэнэ бүтээгч байсан юм” гэж ярьжээ.
Нэрт жүжигчинтэй салах ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болно. Жүжигчнийг Москвагийн Троекуровскийн оршуулгын газарт нутаглуулах юм байна.