ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Гадаад улсууд руу явах иргэд заавал вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу, улс орнууд ер нь ямар нөхцөл шаардлага тавьж байна вэ?
– Гадаад явах иргэд вакцинд хамрагдах эсэх нь нөгөө улсын зүгээс тавьж байгаа шаардлагатай шууд холбоотой байдаг. Бид энэ мэдээллийг гадаад улсуудад суугаа ЭСЯ-уудаар дамжуулж аваад, гадаад явах боломжтой иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэгээр гадаад явах иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ажиллана.
Дийлэнх улс оронд вакцинд хамрагдах ажил анхан шатандаа явж байгаа. Тийм учраас улс орнуудын хувьд хилээрээ вакцинтай иргэдийг хэрхэн нэвтрүүлэх, ирснийх нь дараа тусгаарлах уу гээд нөхцөлөө ярилцаж, вакцины пасспортын асуудал мөн яригдаж байгаа. Тиймээс ГХЯ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины паспортыг нэвтрүүлж, иргэдийг зорчих нөхцөлийг хангах асуудлаар ажиллаж байна.
Энэ ажил дэлхий дахинд шинэ учраас нэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн журам гараагүй байгаа. Манай улсын хувьд гадаад улсаас бүрэн тун авсан буюу 2 удаагийн вакцин хийлгэсэн хүнийг 14 хоног нь өнгөрөөд дархлаа тогтсоны дараа Монгол Улсад нэвтрүүлж, нэвтрүүлснийхээ дараа 7 хоног гэрт нь ажиглах журмын төсөл явж байгаа.
Л.Баяр