Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.
Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.
Б.Эрдэнэ