Хойд Солонгосын шоронд 15 сар хоригдсон Америкийн оюутан, 23 настай Отто Вормбир АНУ-д нас барлаа. Энэ тухай Вормбирийн гэр бүлийнхэн мэдэгдсэн байна. Түүнийг энэ сарын 13-нд ухаангүй байдалтай байхад нь АНУ-д авч ирж, Огайо мужийн Цинциннати хотын эмнэлэгт хэвтүүлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вормбирийн үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын хатуу дэглэмийг эрс буруушаасан байна. “Оттогийн хувь заяа миний засаг захиргааг энэ мэт гэм зэмгүй хүмүүсийг эмгэнэлт явдлаас таслан зогсоохыг хатуу шаардаж байна. Хууль, хүний эрхийг хүндэтгэдэггүй дэглэмд өртсөн хүмүүсийг ч бас” хэмээн Трамп мэдэгджээ.
Вормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчидтай хамт Бээжингээс БНАСАУ-д ирсэн юм. Тэрээр аяллын төгсгөлд баривчлагдаж, бусад нь нутаг буцжээ. Үүнээс хоёр сарын дараа америк эр Хойд Солонгосын телевизээр гарсан байна. Түүнд гав зүүж, зааланд оруулж иржээ.
Вормбир камерын өмнө үг хэлэх үеэрээ зочид буудлаас суртал ухуулгын плакат хулгайлах гэж оролдсоноо хүлээсэн байна. Үүнийг тэрээр Америкийн сүмд олз болгон ашиглах гэж байсан гэнэ. Тухайн оны гуравдугаар сард Пхеньяны шүүхэд Вормбирыг төрийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгаж, 15 жил хорих ял оноожээ.
Тэрээр Хойд Солонгост 15 сар хоригдсоны эцэст АНУ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн юм. Хойд Солонгосын засаг захиргааны мэдээлснээр түүнийг “хүмүүнлэгийн үүднээс” сулласан гэнэ.
Цинциннати эрүүл мэндийн төвийн эмч нар Оттод биеийн хүчирхийлэл үйлдсэн ул мөр харагдахгүй байна гэжээ. Гэхдээ тэд Оттог ботулизм /мэдрэлийн систем, нуруу нугасыг хамардаг хүнд хэлбэрийн хордлогот халдварт өвчин/ туссан, нойрсуулах эм уусны улмаас ухаангүй болсон гэсэн Хойд Солонгосын засаг захиргааны мэдэгдэлд итгэхгүй байгаа аж. Оттод шүүхээс ял оноосноос хойш суллах хүртэл юу болсон тухай огт мэдээлэл байхгүй байгаа юм.
Э.ЗАЯА