Сэлэнгэ аймгийн Мандал сумын прокурорын газар худалдааны төвүүдэд насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ худалдан борлуулахыг хориглолоо.
Тус аймгийн мандал сумын тавдугаар баг, Түнхэл тосгонд энэ сарын 11-нд өглөөний 05:00 цагт 16 настай охин хашааныхаа үүдэнд гадны нөлөөгүй нас барсан байдалтай олджээ. Задлан шинжилгээгээр талийгаач хордлогод хордлогод орсон болохыг тогтоосон байна. Сумын цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад тосгоны 14-16 насны “З”, “Х”, “Э”, “О” нар нь талийгаач охины хамт энэ сарын 10-нд оройн 22 цагийн орчимд хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний газ худалдан авч үнэрлэсэн болохыг илрүүлжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд насанд хүрээгүй хүмүүсээс ахуйн хэрэглээний газ болон мансууруулах төрлийн бодис /гутлын тос, шар цавуу, бензин, эм бэлдмэл/ хэрэглэсэн гэх дуудлага мэдээлэл 30 бүртгэгдэж, 53 хүүхэд хохирсноос 5 хүүхэд нас барсан статистик мэдээ байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ахуйн газанд хордож нас барсан хүүхдийн тоо өмнөх оныхоос нэмэгдэх хандлагатай болжээ.
Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар өсвөр насны хүүхдүүд ахуйн газ үнэрлэж, мансуурах, амь насаа алдах тохиолдол газар авч байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул, эрүүлмэндийн боловсрол, мэдээлэл муу, худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүйтэй холбоотой аж.