Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлийн хэмжээнд шинжилгээний төвүүдэд ачаалал хүрэлцэхгүй байгаа нь харагдаж байна. Тодруулбал, шинж тэмдэг илрээд яаралтай шинжилгээ өгөх гээд цаг авахаар байнга цаг дууссан гэх хариулт өгч байгаа. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлэх боломж байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд 29 шинжилгээний төв ажиллаж байна. Лабораторийн хүчин чадлын хувьд маш хангалттай байгаа. ЗӨСҮТ, НЭМҮТ болон ХӨСҮТ дээр лаборатори ажиллаж байгаагаас гадна нийслэлийн дөрвөн дүүрэгт лаборатори нээсэн. Мөн Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт лаборатори ажиллаж байна. Бид лабораторийн тандалт судалгаа хийхэд дэлхийн өндөр хөгжилтэй 10 орны төвшинд адилхан шинжилгээ хийгээд явж байгаа гэх үр дүн гарсан.
Иргэдийн цаг авах процесс харьцангуй сайжирсан бөгөөд “Gerege” системийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээ хийх ажлыг НЭМҮТ хариуцаж байгаа. Өчигдөр болсон цахим хурал дээр лабораторийн шинжилгээний ажилд ямар нэгэн хүндрэл гараагүй гэх мэдээллийг НЭМҮТ-ээс өгсөн гэлээ.
Л.Баяр