Герман улсын Мюнхен хотноо зохиогдсон Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын нэр хүндтэй уралдаанд Монголын хөгжимчин Эрдэнэбаатарын Шүтээн тэргүүн байр, Цолмонбаярын Мөнгөнтовч дэд байрыг эзэлжээ.
Энэхүү уралдаан нь 2021 оны 01 сарын 20-21 өдрүүдэд зохиогдож 22-ны өдөр шагнал гардуулах ажиллагаа явагджээ. Э.Шүтээн, Ц.Мөнгөнтовч нар нь Монгол Улсын Консерваторийн төгсөгчид бөгөөд, 2014 оноос Германы нэрт хөгжимчин, Монгол улсын консерваторийн профессор, Мартин Цинкер багшийн удирдлага дор жааз хөгжмийг суралцаж эхэлсэн ба одоогоор Мюнхены Хөгжим Театрын Урлагийн Их Сургуульд суралцаж байна. Э.Шүтээн нь Германы Эрдэмтэн Солилцооны байгууллага болох DAAD-ын тэтгэлэгт оюутан юм.
Ц.Мөнгөнтовч нь 2018 оноос Герман улсад хөгжмийн боловсролоо үргэлжлүүлж байгаа авьяаслаг хөгжимчин ба тэрээр Мартин Цинкер багшийн удирдлагаар Монгол улсад эхлүүлсэн “The Jazz Train” тоглолтын анхдагчдын нэг юм. Монголын залуу хөгжимчид энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь тэдний мэргэжлийн багш нарын ажлын томоохон үр дүн бөгөөд тэд одоо Германы нэрт хөгжимчид К.Элсдемеер, М.Цинкер нарын удирдлага дор суралцаж байна. Уралдааны гуравдугаар байрын шагналыг Германы дуучин Алма Найду хүртсэн байна.
Залуу хөгжимчдийн тоглолтыг та доорхи холбоосоор үзнэ үү?
Youtube: https://youtu.be/SxzMhVn4Dec