Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
-Шинээр бүртгэгдсэн халдварын тав нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн хүмүүс байна.
-Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн эмнэлгээс гараад хөдөө явахаар шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илэрсэн өгүүлэмжтэй байна. Иймд Наркологийн төвд түр хөл хорио тогтоож тандалт судалгааны ажлыг хийж эхэллээ. Ойрын хавьтлын 17, түүний гэр бүлийн 21, эмч ажилчид 40, нэгдүгээр сарын 22-ны өдрөөс хойш эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 гаруй хүнийг шинжилж шинжилгээ авсан.
-СБД-ийн 1, 5 дугаар дүүргийн хороонд орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор өргөжүүлсэн тандалт явуулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
-Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явсан нийтийн автобуснаас хоёр хүн халдвартай нь хяналт шалгалтаар тогтоогдсон талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр