Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нүүрс тээвэрлэлт хийж байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын баг баруун бүсийн сумдад ажиллах үеэрээ Шивээрхүрэнгийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээврийн явц, тулгамдсан асуудалтай танилцсан байна.
Нарийн сухайтын бүлэг орд газарт нүүрс олборлолтын 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улс хоорондын тээвэрлэлтийн 43 аж ахуйн нэгжийн 1134 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын “Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, нүүрсний экспортыг хийж байна.
Өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд БНХАУ-ын талд жолооч тээврийн хэрэгсэл хонуулахгүй байхаар зохион байгуулалтыг хийж байгаа аж. Шивээхүрэн боомтод холбогдох байгууллагын 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нүүрсний экспортыг хэвийн явуулж байна.
Аймгийн удирдлагуудтай санал солилцож тулгамдсан асуудлыг танилцуулсан юм. Үүнд хилийн боомтод эмч, сувилагч ажиллуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, спорт заал, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. Аймаг орон нутаг боломжийнхоо хүрээнд дэмжиж, асуудлыг шийдэж ажиллахаа илэрхийлсэн юм.
Өмнөговь аймгийн ЗДТГ