Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид молекул биологийн лабораторитой боллоо.
Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.
Коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулагдаж буй тус лабораторийг цаашид алслагдсан дүүрэг болон Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээ хийх лабораторитой болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар