Хөвсгөл аймгийн Ханх суманд 05.00 цагийн орчимд газар хөдөлсөн билээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Өчигдөр орой Хөвсгөл аймгийн Ханх сумаас урагш 30 км газарт газар хөдөлсөн. Улаанбаатарын цагаар 05.32 цагт 6.5 магнитууд буюу найман баллын газар хөдөлсөн. Балл гэдэг бол газрын хөрсөн дээр мэдрэгдэж байгааг хэмждэг хэмжүүр юм. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад газар хөдлөлт 10 дахин нэмэгдсэн. 2020 онд 44462 удаагийн газар хөдлөлт манай улсад мэдрэгдсэн байна. Энэ бол газар хөдлөлтийг хэмждэг багажид мэдрэгдсэн тоо.
Улаанбаатар хотод 193 түр цугларах талбайтай байна. Түр цугларах талбай гэсэн хаяг тэмдгийг байршуулсан байдаг. Хэрвээ томоохон газар хөдлөлт болбол та бүхэн түр цугларах талбайд очиж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөгөөр ажиллах ёстой. Хамгийн гол нь айхгүй тайван байх ёстой. Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл. Иргэд газар хөдлөлтийн үед бат бөх ширээн дор орох ёстой. Мөн бат бөх орны дор ор гэж зөвлөдөг. Газар хөдлөлт болж байх үед гүйж гарч болохгүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл дуустал даацын багана, аркын хажууд, ариун цэврийн өрөөнд очоод зогсох хэрэгтэй. Гэртээ гар чийдэн, шүгэл байлгах хэрэгтэй. Газар хөдлөлтийн аюул их болсон. Давтамж нэмэгдэж байна” гэлээ.
Л.Баяр