[starbox]
-Багшид бэлэг өгөх нь авлигад тооцогдоно-
Улстөрчид нь авлигын дуулианд холбогдож байгаагүй улс орныг нэрлэ гэвэл хэцүү. Германд ч мөн адил. 2012 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульф эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр огцрохоос өөр аргагүй болсон билээ. Түүний карьер ийнхүү гутамшигтайгаар өндөрлөх болсон шалтгаан нь монголчуудад тун инээдтэй сонсогдож ч мэдэх юм. Учир нь Вульф хөнгөлөлттэй зээлээр байшин авахдаа танилаасаа хэдэн зуухан евро зээлжээ. Энэ түүх бол германчуудын хувьд огтхон ч инээдтэй биш. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг учраас их, бага авлига авсан нь үүнд ямар ч хамаа байхгүй. Тиймээс ХБНГУ олон нийтээрээ зөвхөн өндөр албан тушаалтнуудыг бус, доод түвшний хүмүүсээ ч хянадаг байна.
Цагдаад өгсөн бургер
Хэдэн жилийн өмнө Доод Саксонд хэсэг бүлэг цагдаа авлигын хэргээр шүүхэд дуудагдсан байна. Нэрээ нууцалсан нэгэн мэдээлэгч орон нутгийн цагдаагийн удирдах газарт шөнийн ээлжийн эргүүлийн ажилтнуудыг нь шөнийн цагаар “Макдоналдс” руу хаахаас нь өмнө ордог гэж алтан хошуу өргөжээ. Гэтэл оройн цагаар рестораны ажилтнууд тэдний захиалсан хоолон дээр нэмж нэг еврогийн бургер үнэгүй өгдөг нь тогтоогдсон байна. Уг нь бол зарагдаагүй үлдсэн хоол тэртэй тэргүй хогийн саванд орохоос хойш ингэж өгөхөд буруугүй мэт. Гэтэл хөрш Хамбург хотоос хэргийг мөрдөн шалгахаар ирсэн цагдаа нарт бол энэ нь зөвтгөх үндэслэл биш юм. Ингээд “албаны нэр хүндээ ашиглан ашиг хүртсэн” гэсэн хэрэг үүсгэжээ.
Хэдийгээр цагдаа нарыг шүүхээс буруугүй гэж үзсэн ч хэвлэл мэдээллийнхэн хийгээд ард иргэд энэ асуудлаар нэлээд шуугисан юм. Германчууд ганц еврогийн бургерийн хэргээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн комисс гаргаж ажиллах нь хэр оновчтой вэ гэж ч байлаа. Эндээс харахад ХБНГУ авлигын ямар ч түвшнийг хүчтэй шүүмжилдэг нь тодорхой байна. Төрийн албан хаагчдад хамгийн чанд хатуу дүрмийг баримтлуулж, тэдэнд зөвхөн албан хаагч биш, олон нийттэй харилцах төлөөлөл гэдэг утгаар нь ханддаг. Үүнд цагдаа, багш, эмч, их сургууль, шүүхийн ажилтнууд багтана.
“Авлигын ганц тохиолдол байсан ч олонд тооцогдоно” хэмээн Хамбург хотын төрийн албан хаагчдын холбооны зөвшилцөлд бичээстэй байдаг аж. Тус хот авлигын эсрэг маш чанга хатуу хууль тогтоолтой. Төрийн албан хаагчид тусгай зөвшөөрөлгүй л бол ямар ч бэлэг авах эрхгүй. Үүнд багш нар баглаа цэцэг, эмч нар хайрцаг чихэр барих ч орно. Төрийн албан хаагчид удирдлагадаа хээл хахуулиар тэдний шийдвэрт нөлөөлөхийг оролдсон бүхий л тохиолдлыг мэдэгдэх үүрэгтэй. Тэгвэл Мюнхенд ийм хатуу хууль үйлчилдэггүй. Тус хотод албан хаагч удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 15 хүртэлх еврогийн өртөгтэй бэлэг авахыг хүлээн зөвшөөрдөг байна.
Хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль, ажлаас нь халах, мэргэжлээрээ цаашид ажиллах эрхийг нь хасах зэрэг хатуу шийтгэлтэй. 10-аас дээш еврогийн хахууль авсан хүмүүс хорих ял сонсоод зогсохгүй бүх насаараа төрийн албанд ажиллах эрхээ хасуулдаг гэнэ.
Уламжлалын эсрэг хууль
Шалгалтаа амжилттай өгч, дунд сургуулиа төгсөж буй сурагчид багшдаа талархлаа илэрхийлж, ямар нэгэн дурсгалтай зүйл бэлэглэхийг хүсдэг. Энэ бол монголчуудад бидэнд танил болсон дүр зураг. 2011 онд Берлин хотын нэгэн дунд сургуулийн төгсөгчид 200 евро цуглуулж, анги удирдсан багшдаа Германы алдарт зураачийн баримлыг бэлэглэхээр болжээ. Гэтэл нэгийнх нь эцэг эх ийм бэлгийг хууль бус хэмээгээд энэхүү санаачилгаасаа татгалзахыг уриалсан байна. Гэвч ойлголцолд хүрч чадсангүй, иргэнийхээ үүргийн дагуу хотын авлигын эсрэг байгууллагад ханджээ.
Ингээд нарийн мөрдлөг шалгалт явуулсны дүнд баримлыг хураан авч, багшид боловсролын газраас хатуу шийтгэл ногдуулсан аж. Энэ хэрэг интернэтээр шуугиан тарихад багшийг өрөвдсөн хүмүүс олон байсан бөгөөд тэд мөнгө цуглуулж, түүнд ногдуулсан өндөр торгуулийг нь төлж барагдуулжээ. Гэтэл үүгээр хэрэг дууссангүй. Хэсэг хугацааны дараа баримлын мөнгө цуглуулахад оролцсон сурагчдын эцэг эхчүүд шуудангийн хайрцагнаасаа авлига өгсөн хэргээр торгууль төлөх цагдаагийн газрын захидал хүлээн авчээ. Энэ явдлаас хойш Берлиний багш нар 30 хүртэлх еврогийн үнэтэй бэлэг авахыг зөвшөөрчээ.
1.4 тэрбумын алдагдал
“Авлигыг илрүүлэхэд маш төвөгтэй. Учир нь аль ч тал нь өөрсдийнхөө хийсэн зүйлийг ил болгох сонирхолгүй байдаг” хэмээн Хамбург хотын авлигатай тэмцэх төв газрын дарга Михаэль Швиринг хэлж байна. Статистикаас үзэхэд хээл хахуулийн зөрчилтэй холбоотой нийт хэргийн тав орчим хувь нь л илэрдэг гэнэ. Германы Холбооны гэмт хэргийн товчоо сүүлийн зургаан жилийн жилийн турш жил бүр авлигын 8-47 мянган тохиолдлыг бүртгэж авсан байна. Тухайлбал, 2014 онд 20 мянган зөрчил бүртгэснээс талаас илүү хувь нь Бавари мужид илэрчээ. Цагдаа нар хэсэг бүлэг гэрэл зурагчин дунд сургууль, цэцэрлэгийн захирлуудыг зураг авалтын захиалга авахуулахын тулд үгсэн тохирсон нь илэрсэн байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд олсон мөнгөнийх нь 20 хувийг авах ёстой байжээ.
Энэ мөнгө сургууль, цэцэрлэгийн кассанд нийтийн хэрэгцээ маягаар орсон уу, эсвэл хэн нэгний халаасанд орсон уу гэдэг нь хамаагүй. Ерөнхийдөө авлигын гэмт хэргийн талаас илүү хувь нь эдийн засгийн салбарт, 1/3 орчим нь төрийн удирдлагад бүртгэгддэг бол улс төрд тун тогтвортой буюу нэг хувьтай бүртгэгддэг байна. Тус улсад авлигаас болсон хохирлын нийт хэмжээ нь 2011-2015 оны хооронд 1.4 тэрбум евро болжээ. Хэрвээ Германы авлига авдаг хүний ерөнхий дүр зургийг гаргах юм бол энэ нь захиргааны ажил эрхэлдэг, уг албан тушаалдаа гурваас дээш жил ажиллаж буй ахимаг насны эр хүн байдаг аж.