Сүүлийн 24 цагт нийт 14225 шинжилгээ хийжээ. Ингээд 33 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдлээ.
Үүний 6 тохиолдол нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байдаг 65, 43, 57-р байранд амьдардаг нэг орцны 6 хүн коронавирусээр өвчилсөн байна.
Тус байрнаас батлагдсан нэг тохиолдол нь Мөнгөнгүүр эмнэлгийн лаборант байсан учраас тухайн эмнэлэгт тандалт, тусгаарлалтын ажлыг зохион байгуулсан. Нийтдээ тус эмнэлгийн 141 хүнийг шинжилгээнд хамруулж, 32 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласнаас дахин нэг эмчээс коронавирус илэрсэн.
Орцноос үүссэн зургаан тохиолдлын нэг нь Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг байсан учраас тус газрын 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, үргэлжлүүлэн тандан ажиллаж байна.
Мөн дээрх байрлалд Ачтан эмнэлгийн ажилчдын байр байрладаг юм байна. Үүнтэй холбоотойгоор энэ нутаг дэвсгэрт коронавирусийн голомтолсон нөхцөл байдал үүссэн. Тиймээс Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хөл хорио тогтоож, шинжилгээ авах ажил өчигдөр оройноос эхэлсэн. Тухайн хорооны айл өрхийн бүх хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр