Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж, хүйтэрч байгаа тул тус суманд суурьшиж буй нэн ховор амьтдад тэжээл тавьж өгчээ.
Тодруулбал, тус сумын нутагт зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээр 10 дугаар сарын сүүлээс хойш хоёр сар орчим тариалангийн хашаатай талбай болон сумын төв орчимд суурьшиж байгаа аж.
Ийнхүү сумын Засаг даргын Тамгын газраас биотехникийн арга хэмжээ авч бугад Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг 3 цэгт 450кг ногоон тэжээл тарааж тавьсан байна.
Эдгээр амьтдад сумын Засаг даргын Тамгын газраас байнгын хараа хяналт тавьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үхэж, хорогдсон тохиолдол гараагүй. Цаашид биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийх болно гэж сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ширнэн хэллээ.
Төв аймаг “монцамэ”