Төв аймаг болон Сонгинохайрхан дүүргийн зааг, Хүй долоон худагт нутагладаг иргэн Л.Э-ы хурдан удмын адууг өнгөрсөн оны долдугаар сард, баяр наадмын өмнөхөн хулгайлж, буудсан хэрэг гарсан. Тэрбээр хэвлэлд “Хуучин 22-ын товчооны ойролцоо 1000 машины захаас урагш эзгүй хашаануудаас холгүй газраас найман мориныхоо толгойг олсон. Бүгдийг нь буудсан байна лээ. Морьд бүгд хурдан удмынх байсан. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш” гэж ярьсан юм.
Уг хэргийг ЭЦА-ны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн наймдугаар сард илрүүлэн Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Гэвч хэргийн холбогдогч нар хоёр ч тусдаа бүлэг байгуулан өөр нэг бус хэрэг давтан үйлдсэн учраас хэргийг хараахан шийдвэрлээгүй байна. Эдгээр хоёр бүлгийг Увс аймагт төрсөн Мөнх-Очир, Болдбаатар, Завхан аймгийн уугуул Очирхүү (бүгд Сонгинохайрхан дүүрэгт шилжин суурьшсан) нар толгойлон гэмт хэрэг үйлджээ. Тэд зөвхөн дээрх Хүй долоон худагт найман адуу буудсан хэргээс гадна Төв аймгийн Лүн, Баян зэрэг сумаас мал хулгайлж “Эмээлт”, Налайх дахь түүхий эдийн захад борлуулдаг байсныг нь цагдаагийнхан тогтоон, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж тус аймгийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа аж.
Г.Равжаа