Фермерийн барилга байшин, байр барьж байгуулах газрыг сонгох:
Энэ асуудал бол тухайн аж ахуй үр ашигтай ажиллаж, удаан хугацаанд үе дамжин ашиглагдах боломжийг бүрдүүлэх ёстой. Газар нутгийг зөв сонгохдоо ус, хадлан, бэлчээр, тэжээлийн ургамал тариалах талбай зам, дэд бүтэц зэргийг харгалзана. Мөн газрын байршил нь салхины урсгал цохих хүч үерийн усны замаас хол наран ээвэр, дагжуур хуурай хөрстэй тэгшхэн өөрөөр хэлбэл нам дор, нөмөр дулаан газрыг сонгон байрлуулж 10 орчим га эдэлбэр газартай байх шаардлагатай.
ФАА-н үхрийн байрыг барихад тоосго, цул блок, хар модон палк ашиглахад хамгийн тохиромжтой заавал гадна талыг шавар өнгөлгөө хийнэ. Чулуун хана, нарсан материалыг хориглодог учир нь хайрч жиндүүлэх, илжирч ялзрахдаа амархан мөөгөнцөрдөж эдэлгээ муу дааж, үхрийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үхрийн байрны дулаан тогтмол 8-100, харьцангуй чийг 80-85 хувь, цонхны гэрэлтүүлэг шалны талбайтай 1:15 харьцаатай байна.
Фермерийн аж ахуйд үржүүлэх үхэр сүргийг шилж сонгох талаар :
Өөрийн аймаг сум багийн байгаль, цаг агаар, уур амьсгал, нутаг орны байдалдаа зохицуулах дасан зохицох чадвартай үхрийг шилж сонгох шаардлагатай. Манай аймаг орны аль ч бүсэд мах сүүний хосолмол ашиг шимт шар тарлан, симменталь, алатау, оросын хар тарлан, махны чиглэлээр казакийн цагаан толгойт, сэлэнгэ зэрэг үхрийг цэврээр нь буюу 2-р үеийн эрлийз үхрийг л үржилд ашиглавал сүү, махны гарцыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Сүүний үхрийг шилж сонгохдоо дараах хэлбэрүүдийг сонгон хэрэглэнэ.
1.Гарал үүсэл
2.Гальбир бие бялдараар
3.Сүүлэг шинжээр
4.Дэлэн, хөхний хэлбэрээр
5.Төлөрхөг чанараар нь зэрэг шилэн сонголтын олон хэлбэрээр сонголт явуулсны үр дүнд эдгээр шаардлага хангасан үхрийг үржилд тэнцүүлэн ашиглана.
Сүүний үхрийн худалдан авах, борлуулахад гарал үүслийг бичгийн заавал хөтөлж, хүлээлцэх журамыг баримтлах ёстой.
Сүүний чиглэлийн үхрийн хээлтүүлгийн зохиомол буюу гүн хөлдөөсөн үр, ердийн, гардан гэсэн хээлтүүлгийн аргуудыг тус тус хэрэглэнэ.
Мөн бух өсгөн бойжуулах худалдаалах, хээлтүүлэгт түрээслэх зэрэг бусад аж ахуйнуудаа хангах мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж болно.
Сүүний үхрийн тэжээлэг арчилгаа маллагааны талаар:
Манай орны нөхцөлд саалийн үнээнд тэжээлийн үндсэн 3-4 хэв шинжийн тэжээлийг хэрэглэдэг. Байгалийн шимт ногоон өвс, хүчит тэжээл, шүүст тэжээл, эрдсийн гэх мэт эдгээр тэжээлийг байран ба хагас маллагааны нөхцөлд тохирсон жор ноормыг баримтлана. Бусад төрлийн тэжээлүүдтэй хольж жорыг баяжуулсан тэжээлээр тэжээнэ. Сүүний үхрийн саалийн хугацааг 3 үе шатаар хувааж тэжээлийн нэр төрөл жор нормыг зохиодог.
Саалийн нэгдүгээр үе:
Үнээ тугалласны дараах 90-100 хүртэлх хоног байх бөгөөд саам аажмаар нэмэгдэх саалийн хамгийн эрчимтэй үе байдаг. Энэ үед сайн тэжээж маллавал саамшиж богино хугацаанд их сүү саах, саамыг өндөр түвшинд тогтоон барих нөхцөл бүрддэг учраас үнээний саам ахихын хирээр тэжээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эхний үед үнээг өгч байгаа дундаж саамын хэмжээнээс 4-5 литр сүү илүү саахаар тооцоолон тэжээлийг нэмэгдүүлж өгнө. Үнээний саам дээд хэмжээндээ хүрч цаашид нэмэгдэхгүй шинжтэй болсон үед тэжээлийн хэмжээг нэмэхгүйгээр жорын бүтэц, найрлагыг өөрчилж болно.
Хүчит тэжээл идсэн даруйд үхрийн гүзээнд хүчиллэг орчин ихсэх бөгөөд энэ үед бичил биетний үйл ажиллагаа суларч багасах боловч хивээд эхэлмэгц уг орчин саармагжиж, тэдгээрийн идэвхи сэргэдэг. Ингээд саам хэвийн байдалдаа байвал сүүний гарцад тохируулан тэжээллэг нормыг тогтооно. Энэ үед хоногийн саамын 1 л тутамд бүдүүн тэжээл 0.5-1 кг, шүүст тэжээл 3 кг, хүчит тэжээл 250-300 гр ноогдохоор жорыг зохионо.
Саалийн хоёрдугаар үе:
90-240 дэх хоног бөгөөд үнээний саам эхнийхээсээ буурах хандлагатай болно. Иймээс үнээний саамыг огцом бууруулахгүйн тулд тэжээлийг тохируулах нь чухал. Энэ үед саалийн үнээнд шүүслэг, бүдүүн тэжээлийг голлон, хүчит тэжээлийг багасгаж өгөх нь тохиромжтой.
Саалийн гуравдугаар үе:
240-305 дахь хоногийн хугацаа юм. Энэ үед үнээний сүү татарч тэжээлийн шимт бодисыг дараагийн тугалалтанд зориулан биедээ хуримтлуулж тарга хүч авах хандлагатай болно. Иймээс үнээний тэжээлийн жорд янз бүрийн шүүслэг тэжээлийг оролцуулбал сайн. Энэ үед тэжээлийн жорын 23 хувийг бүдүүн, 27 хувийг хүчит, 50 хувийг шүүслэг тэжээл байхаар тооцож тохируулна.
Жилд 2500-3000 л саамтай үнээнд хоногт дунджаар ногоон өвс 6-7 кг, витамин өвсний гурил 1 кг хүчит багсармал тэжээл 3-4 кг, шүүслэг тэжээл 20-25 кг, давс хужир 50-60 граммыг өгөхөд болно. Саалийн үнээнд эхлээд хүчит, дараа нь шүүслэг, эцэст нь бүдүүн тэжээлийг өгөх нь зохимжтой. Хоногт хүчит, бүдүүн тэжээлийг 2 удаа, шүүст тэжээлийг нэг удаа тавьж өгнө.
Мал эмнэлэг, ариун цэвэр
Үхрийн элдэв халдварт, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэх нь малчин мэргэжилтэний хамтын ажиллагаатай шууд холбоотой. Тухай аж ахуйн нутаг дэвсгэрийн ойр тойрон 10-20 км дахь мал амьтдын хөдөлгөөн, өвчин байгаа эсэхийг байнга хянаж барилга байгууламж, бэлчээр нутгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахих ёстой. Фермерийн байр, хашаа саравчийг хавар, намарт шохойдож, уусмалаар ариутгаж байна. Үхэрт жил бүр бруцллёз, сүрье, лейкозийн шинжилгээ хийж өвчтэй гарсан үхрийг тусгаарлаж эмчлэх, нядлах зэрэг зориулатын арга хэмжээг авах ёстой. Боом, дуут халдвар, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 5-6 дугаар саруудад хийнэ.
Баруун аймгуудын эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх групп