Нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан оноштой нэг хүн нас барсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчний судасны бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн коронавирусийн халдварт өртөж, ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчилгээнд байж байгаад өчигдөр нас баржээ. Тус иргэн нь 76 настай эрэгтэй хүн байсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Ийнхүү Монгол Улсад коронавирусийн халдвараар нас барсан хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр коронавирусийн халдвар авсан 76 настай иргэн нас барсныг Жон Хопкинсийн их сургууль уг халдвараар манай улсад эндсэн анхны тохиолдол болгон бүртгэсэн юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлэл хийхдээ коронавирусийн халдвар авсан 76 настай иргэн нас барсныг мэдэгдсэн. “Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тухайн үед хэлж байв.
Л.Баяр