БШУЯ-наас санаачлан боловсролын багц хуулийн төслийг улс орон даяар онлайнаар хэлэлцүүлж байна. Тус хуулийн төсөлд нийслэлийн боловсролын салбарын 966 байгууллагын 34000 багш, ажилтан давхардсан тоогоор 1500 гаруй саналыг онлайнаар ирүүлжээ.
Боловсролын ерөнхий хуулийн төслийн цахим хэлэлцүүлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус хуулийн төслүүдэд хамгийн их дараах саналууд ирсэн.
Үүнд:
- Сургалтын хөтөлбөр, агуулгыг тогтвортой байлгах, шинжлэх ухаанд тулгуурласан байх,
- Сурах бичгийн хэвлэлтийн чанарыг сайжруулах,
- Сургалтын орчны стандартыг баримтлах,
- Удирдлагын томилгоог оновчтой болгох, сэлгэж ажиллуулах,
- Багшийн нийгмийн баталгааг сайжруулах,
- Тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох,
- Цэцэрлэгт ээлжийн, ерөнхий боловсролын сургуульд туслах багш ажиллуулах,
- Багш бэлтгэх их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах,
- Элсэгчдийн босго оноог нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна
Нийслэлийн боловсролын газар