Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа.
Санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Оросын талыг төлөөлж Гэгээрлийн сайдын нэгдүгээр орлогч Д.Е.Глушко нар гарын үсэг зурсан. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг цахимаар зохион байгуулсан болно.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг угтаж байгаа энэ цаг үед ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг Оросын талтай байгуулснаараа онцлог үйл явдал боллоо.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
- ерөнхий боловсролын салбарт ажиллах багшлах боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,
- суралцагч, багш солилцоог хэрэгжүүлэх,
- ерөнхий боловсролын салбарт шинэлэг мэдээлэл технологийг нэвтрүүлэх талаарх туршлага солилцох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Түүнчлэн цахим холболтын үеэр талууд хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах асуулаар санал солилцож, шинэ сургууль байгуулах ажлыг шинэ оны эхнээс эхлүүлэхээр боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын ОХУ-ын сайдтай хийсэн цахим уулзалтын үр дүнд Оросын талтай орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах ажлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохирлоо.
ОХУ-ын Гэгээрлийн яамтай өмнө нь хийсэн тохиролцооны дагуу энэ хичээлийн жилээс манай улсын хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын зургаан сургуульд орос хэлний мэргэжилтэн багш цахимаар ажиллаж байна.
Уулзалтаар Монголын талаас санаачилж буй монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн багш нарыг томилон ажиллуулах төслийг Оросын тал сайшаан дэмжиж, одоогийн байдлаар ОХУ-ын гурван ерөнхий боловсролын сургууль монгол багш нарыг хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Боловсрол, Шинжлэх ухааны яам