Коронавирусийн цар тахлын үед иргэдийн эдийн засаг, нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл цахилгаан, дулаан, усны хэрэглээг төрөөс даах шийдвэр гарсан.
Энэхүү хөнгөлөлтийн мэдэгдэл хэрэглэгчдийн гар утсанд мэссэжээр ирээд байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахим хуудсаараа дамжуулан тайлбарлажээ.
Тэрбээр “2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.
Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье” гэжээ.
Л.Баяр