“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна.
Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Томилгоо
– Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ханджавын Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилов.
– Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар томилов.
Товчоор
– “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв.
– Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43,6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм.
– Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо. Тус онд угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5000 хүртэл толгойг барихаар тогтоов.
– “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.