УОК-ын шуурхай ажлын баг өнөөдөр ЦЕГ-т хуралдаж, коронавирусний үед салбар салбарын уялдааг хангах асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нийтэд мэдээлэхдээ, “Иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, нийслэлд болон нийслэлээс гарах пост, хил дээр ирж байгаа тээврийн хэрэгслийг шалгах гээд бүхий л ажилд цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцож байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагын удирдлагуудын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ер нь коронавирусний үед хамгийн ачаалалтай, эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбар бол цагдаа. Тиймээс цагдаагийн алба хаагчдын өдрийн хоол, шатахуун болон бусад тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн асуудлыг Сангийн яаманд хүргүүлсэн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх болов уу гэж бодож байна” гэлээ.
Үүнээс гадна цагдаагийн байгууллагын ажлын талаар тодорхой үүрэг өгчээ. Тухайлбал, Коронавирусний халдварын голомттой Улаанбаатар хот болон бусад бүсээс халдваргүй аймгууд руу гарах хөдөлгөөний хяналтыг чангатгахыг үүрэг болгосон байна. Зарим аймаг руу өндөр үнээр, хулгайн замаар зорчигч тээвэрлэх тохиолдол гарсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.