БНСУ-д Их Британиас ирснийхээ дараа нас барсан иргэний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүнийг коронавирусний шинэ хувилбараар халдварласан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэж БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.
БНСУ-ын 80 гаруй настай иргэн 12 дугаар сарын 13-нд Их Британиас ирснийхээ дараа Гоян хот дахь гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бөгөөд бямба гаригийн өглөө зүрхний шигдээсний улмаас эмнэлэгт нас баржээ. Түүнд хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг эрэгтэйг Их Британид хурдацтай тархаж буй шинэ хувилбараар халдварласан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. БНСУ-д одоогоор хувьссан вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нас барсан эрэгтэй коронавирусний шинэ хувилбараар халдварласан байсан эсэх нь ирэх долоо хоногийн эхээр тодорхой болох төлөвтэй байна.
Мөн өндөр настай эрэгтэйн гэр бүлийн хоёр гишүүнээс халдвар илэрсэн бол эхнэрийнх нь шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Эдгээр гурван хүн мөн Их Британиас ирсэн тул тэдгээрийн сорьцыг вирусний хувилбарыг тогтоохоор шинжилнэ.
Их Британид илүү хурдан халдварладаг “COVID-19”-ийн шинэ хувилбар тархсантай холбогдуулан БНСУ тус улсаас ирэх бүх нислэгийг 12 дугаар сарын 23-31 хүртэл түр зогсоогоод байгаа юм. Хувьссан вирус нь Их Британид илэрсэн бусад хувилбараас 50-70 хувиар хурдан халдварладаг гэдгийг тус улсын мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар тогтоогоод байна.