Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар COVID-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлан орлогч даргаар Гадаад харилцааны сайд Н.Эннхтайван томилогдон ажиллаж байгаа.
Энэ хүрээнд өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Ковид-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.
Вакцин оруулж ирэх ажлын хэсэг гурван чиглэлээр ажиллаж байна. Үүнд:
Олон улсын байгууллага, үүний дотор “Ковакс” хөтөлбөрийг санаачлагч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мөн гадаадын улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн хөгжлийн түнш болон вакцин үйлдвэрлэгч орнуудтай яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Вакцин оруулж ирсэн тохиолдолд хамрагдах иргэдийг эрэмбэлсэн ба эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг хууч өвчтэй хүн, онцгой байдал, хил, гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа албан хаагчид, 55-аас дээш насны иргэд, эдийн засгийн суурь салбарын иргэдээ вакцинжуулна гэсэн юм.
Л.Баяр