Байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын эхлэл болгож уг арга хэмжээг зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн орчин, шинэ нөхцөлд бэлэн эсэх, үүнд компаниудын гүйцэтгэх удирдлагууд ямар үүрэгтэй талаар илтгэл тавилаа.
“Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцож байна. Тухайлбал М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, Анд Глобал ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ, Мобиком корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг нар бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн ухаалаг шийдэл олох, бизнесээ хөрвүүлэх талаар санаа бодлоо уралдуулж байна.
Харвардын менежментийн курсын хөтөлбөрийг Монголд албан ёсны эрхтэй нэвтрүүлэхээр тус сургуулийн Паблишингийн менежерүүд болон гүйцэтгэх удирдлагын манлайллын холимог хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Харвард Бизнес сургуулийн паблишингийн дэд ерөнхийлөгч Николас Грант Клэйтон болон Ази Номхон Далайн орнууд хариусан захирал Пердип Кумар нар гарын үсэг зурсан юм.
Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний сургалт ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ.
Эх сурвалж: МҮХАҮТ