Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эрдэнэсийн сангийн тухайд алдаа дутагдал их гарсан. Энэ сангийн үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй учир эрдэнэсийг маш их үрэн таран хийсэн.
Эрдэнэсийн сангийн төсвийн асуудлыг ил болгоё. Бусад нөөцийг ил болгохгүй гэж байгаа нь дутуу ажил болсон. Нөөцийн сангийн байршил хамгаалалтын асуудал нууцын зэрэглэлд байх нь зүйтэй.
Эрдэнэсийн сангийн нөөцийн мэдээллийг нууцлах шаардлагагүй. Байнгын хороон дээр Монголбанкныхан хэлээд л байсан. Эсвэл хууль зөрчөөд байгаа юм уу? Инновацилах ямар шаардлагатай юм бэ? Зөвхөн жилийн орлого, гарлага, гүйцэтгэлийн тайланг нээлттэй хийе гэсэн зүйл яриад байгаа юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Эрдэнэсийн сангийн тухай хууль 1994 онд батлагдсан түүнээс хойш өөрчлөлт ороогүй. Энэ санг тойрсон хэл ам, зохицуулалтыг тодорхой болгох, үнэлэх ажлыг сайжруулахын тулд шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Эрдэнэсийн сангийн шинэчилсэн хуулийн төсөлд бүртгэлтэй эрдэнэс төрийн нууцад хамаарах ч тодорхой мэдээллийг ил байхаар зүйлчилсэн. Иргэд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаатай хэзээ ч очоод танилцаж болно.
“Эрдэнэсийн сангаас эрдэнэс алга болсон гэсэн кейс гараагүй. 1983 онд Эрдэнэсийн сан байгуулагдаж, 1994 онд хууль батлагдсан. Үүнээс хойш уг сантай холбоотой асуудал хуулийн дагуу хэрэгжээд явж байна. Эрдэнэсийн сантай холбоотой аливаа арга хэмжээ төрийн нууцад хамаарч байгаа. Шинэчилсэн найруулгын төслөөр эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа” гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ.