Арванхоёрдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид 10,979 шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс Улаанбаатар хотын голомтод 2 хүнээс коронавирус илэрсэн байна. Эдгээр хүмүүс нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Энэ голомтын батлагдсан тохиолдол 140 боллоо. Улаанбаатар хотод ойрын хавьтлаар 1182 хүнийг тусгаарласнаас 800 гаруй хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжсэн байна. Одоогоор 540 гаруй ойрын хавьтлыг хянаж байгаа аж. Ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илрэх эрсдэлтэй. Тэгэхээр бидний хяналтад эрсдэл бүхий 500-600 хүн байна. Ард иргэд сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй хэмээн ЭМЯ-ны тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр