Их Британийн хатан хаан, 94 настай II Елизавета нөхөр, 99 настай хунтайж Филиппийнх хамт Ковид-19 өвчний эсрэг тарилга хийлгэхээр болсон талаар Daily Mail-д мэдээлэв.
Хатан хаан нөхөртэйгөө ямар нэгэн давуу эрх эдлэхгүйгээр, 80-аас дээш насны ахмадуудад хийнэ гэсэн заалтаар вакцинд хамрагдахаар болжээ. Тэд хэдэн долоо хоногийн дотор энэ вакциныг хийлгэнэ. Букингемийн ордноос энэ асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Их Британи улс арванхоёрдугаар сарын 2-нд Pfizer ба BioNTech компанийн гаргасан вакцинд лиценз олгосон аж. Энэ вакциныг нэн тэргүүнд өвчлөх эрсдэл өндөр буюу өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг хүмүүс, тэдгээрийн ажилтнууд, 80-аас дээш насныхан, мөн эмч ажилтнууд хийлгэхээр болжээ.