Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ.
Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутаг руу явах иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдах бөгөөд ингэхдээ 119.mn сайтад нэвтэрч, шинжилгээ өгөх хаягийн мэдээллийг авах юм байна. Ингэхдээ өөрийн байгаа дүүрэг, хорооны хаягийг 119.mn сайтад оруулахад хаана очиж шинжилгээ өгөх мэдээлэл гарч ирэх юм. Шинжилгээний хариуг 119.mn сайтаас харна. Ингээд шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой.
Улаанбаатар нийтдээ шинжилгээ авах 20 цэг нэмж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийг ямар ч үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамруулах юм.
Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хүсэлтэй 85 мянга гаруй, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх хүсэлтэй 10 орчим мянга гээд нийтдээ 100 орчим мянган иргэн гарах, орох хөдөлгөөн хийх хүсэлтээ УОК-т хүргээд байгаа юм байна.
Л.Баяр