Америкийн тэрбумтан Билл Гейс хүн төрөлхтнийг тун ойрын хугацаанд шинэ цар тахалтай тулагрна гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнийхээр бол сайндаа л 20 жилийн дараа, муудаа ойрын 3 жилийн хугацаанд ийм асуудалтай дахин тулгарна гэж жүжигчин Рашида Жонстой хамтран явуулдаг Bill Gates and Rashida Jones Ask Big Questions нэртэй шинэ подкастандаа хэлжээ.
“Гэхдээ шинэ цар яагаад бага хор хөнөөлтэй, аюул багатай болох гол шалтгаан нь бид үүнийг аль хэдийнэ туршлагажсантай холбоотой. Бид тэр цаг үед хэдийн “цар тахлын тоглоом”-ыг цэргийн сургуулилт шиг явуулдаг бол бараг бүх улс оронд Өмнөд Солонгос, Австрали шиг хүн амаа түргэн шуурхай оношилж, тусгаарладаг болчихсон байна. Дээр нь бидний оношлуурын хэрэгслүүд илүү сайжирна. Хоёр дахь удаад бид ийм тэнэг мулгуу байхаа болино” хэмээн тэрбээр хэлжээ.
Подкастны зочноор түүнчлэн АНУ-ын гол халдвар судлаач Энтони Фаучи оролцсон. Билл Гейтс түүнээс вакцинжуулсан нөхцөлд ч олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, хэвийн амьдралдаа орох нь хэр аюултай вэ гэсэн асуулт тавьсан юм. Фаучи энэ асуултад хариулахдаа хүн төрөлхтөн вакцинжуулалт, тодорхой хэмжээний хязгаарлалтын арга хэмжээтэйгээр хэвийн амьдралдаа алгуурхан эргэн орно гэжээ.
“Хэрэв зээ вакцин 99%-ийн үр дүнтэй байгаад, хүн амын 99% нь хийлгэж чадах юм бол бүх зүйл хэвийн болох байсан. Гэвч тийм зүйл болохгүй. Жишээ татахад вакцин 75%-ийн үр дүнтэй байгаад хүн амын 69% нь тариулбал вирус тарааж мэдэх хүмүүс үлдэж л таарна шүү дээ” хэмээн Фаучи тайлбарласан аж. Түүнчлэн тэрбээр өнөөгийн энэ цар тахал дуусахгүй, үүнийг ухамсарлах хэрэгтэй гэж анхааруулжээ.
Хүмүүс хөл хорио баримтлахаас залхаж эхэлснийг Фаучи хүлээн зөвшөөрсөн ч хэзээ ч бууж өгөлгүйгээр хамгаалалтын арга хэмжээгээ үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн олноор цугларсан газраас зайлсхийх хэрэгтэй гэжээ.