БШУЯ, ЭМЯ-наас их, дээд сургуулиудын дотуур байранд байгаа 12.5 мянган оюутнаас түргэн оношлуураар коронавирусний шинжилгээ авч эхэлжээ.
Энэ талаар БШУ-ын сайд Л. Цэдэвсүрэн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм. Тэрбээр, “Улсын хэмжээнд 50 ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их дээд сургуулийн дотуур байранд 12.5 мянган хүүхэд бий.
Дотуур байранд байгаа оюутнуудын хоол хүнс, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Дунд сургуулийн сурагчид ирэх сарын 18-нд, их дээд сургууль нэгдүгээр сарын 5-наас амрах ёстой. Гэхдээ ирэх долоо хоногийн УОК-ын хуралд нэгдүгээр улирлын хичээлийг цахимаар заах, ерөнхий боловсролын сургуулийг хоёрдугаар сарын 1, оюутнуудыг хоёрдугаар сарын 15 хүртэл амраахаар төлөвлөж байна.
Бэлэн байдлын хугацаанд оюутнуудыг гаргах боломжгүй бөгөөд зарим дотуур байранд коронавирусний голомт байх магадлалтай гэж үзэж байгаа тул ЭМЯ-тай хамтран коронавирусний шинжилгээнд хамруулж эхэлсэн. Ирэх сарын 1-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг цуцалбал оюутнуудыг буцаах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна” гэлээ.